Өнөө, маргаашдаа Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар их хэмжээний бороо үргэлжлэн орно

Цаг агаар

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.  

2021 оны 07 дугаар сарын 03-ны 20 цагаас 07 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай   бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

 

2021 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.