ОХУ, “Протон-М” пуужин зөөгч хөлөг амжилттай хөөргөлөө

Технологи-360

Оросын “Роскосмос” компани сансрын уудам руу “Протон-М” пуужин зөөгч хөлгөө амжилттай хөөргөлөө. Пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд “Наука” буюу шинжлэх ухаан гэсэн нэртэй олон үйлдэлт лабораторийн модулийг гаргаж байгаа юм.

Оросын Байконур дахь сансрын нислэгийн төвөөс сансрын “Протон-М” пуужин зөөгч хөлгийг ОУСС-ыг чиглүүлэн хөөргөжээ. Хөлөг дэлхийн агаар мандлаас гарч, сансрын уудамд хүрсний дараагаар модулийг салган, “Наука” модуль нарны зай болоод антеннаа дэлгэн, заагдсан өндөрт гарчээ. Улмаар сансрын модуль ОУСС-д аажмаар ойртон, станцтай 8 хоногийн хугацаанд залгагдах учиртай юм. Роскосмосын мэдээлж байгаагаар сансрын модулийг энэ сарын 29-нд ОУСС-тай залгахаар төлөвлөж байна.

“Наука” нь Оросын сансрын агентлагийн сүүлийн 11 жилийн хугацаанд ОУСС руу илгээсэн анхны модуль болжээ. Өнөөдөр ОУСС-ын Оросын талын сегмент нь нийт 5 модулиас бүрдэж байгаа юм. Эдгээрээс “Наука” нь станцын хамгийн хүнд модуль болох гэнэ.