Японд техник технологийн хөгжил дэвшлийг дагаад цоо шинэ төрийн алба байгуулагджээ

Технологи-360

Японд энэ улсын техник технологийн хөгжил дэвшлийг дагаад цоо шинэ төрийн алба байгуулагджээ. Дижитал-агентлаг гэсэн нэр авсан энэхүү алба нь тоон системийн хяналт, шинэчлэл, засвар үйлчилгээ зэргийг хариуцан ажиллах юм.

Японы Дижитал-агентлаг нь нийслэл Токио хотноо байгуулагдаж, эгнээндээ 600-аад ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүнчлэн агентлагийн дэргэд 200 хүний бүрэлдэхүүнтэй туслах алба ч мөн байгуулсан байна.

Шинээр байгуулагдсан алба нь Японы бусад яам тамгын газар, төрийн албан байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний тоон систем дэх аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, хяналт зэргийг ханган ажиллана.

Түүнчлэн дижитал агентлаг нь төрийн яам тамгын газруудын төсвийн зарцуулалтад хяналт тавих шилэн дансыг ч мөн давхар хянах үүрэг хүлээжээ.

Дижитал-агентлагийг Японы тоон транформацийн сайд Хираи Такуя хариуцан ажиллана. Түүнчлэн Хитоцубаши их сургуулийн профессор Ишикура Йоко агентлагийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж ажиллах гэнэ.