ТУРК: Тигр голыг түшиглэн барьсан томоохон усан цахилгаан станц ашиглалтанд оруулжээ

Үйл явдал

Туркийн зүүн өмнөд хэсэгт Тигр голыг түшиглэн барьсан томоохон усан цахилгаан станц ашиглалтанд оруулжээ. “Илису” усан цахилгаан станц нь Туркэд төдийгүй бүс нутагтаа томоохонд тооцогдох эрчим хүчний станц болсон байна. 

“Илису” усан цахилгаан станцын нээлтийн ёслолд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцжээ. Тигр голын уснаа баригдсан усан цахилгаан станц нь Туркийн эрчим хүчний нийт хэрэглээний 4%-ийг үйлдвэрлэх юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар байгаль экологид учрах хор уршиг бага, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна.

Туркэд ашиглалтанд оруулсан усан цахилгаан станцаас хөрш зэргэлдээх Сири болон Ирак улсууд эрчим хүч авах боломжтой болж байна. “Илису” усан цахилгаан станцыг барих хөрөнгийг Туркийн засгийн газар улсын төсвөөс гаргаж, усан сангийн далан байгуулахад 750 сая евро зарцуулжээ. Усан сангийн далан 135 метрийн өндөртэй, 10,6 тэрбум куб/м багтаамжтай юм.