Б.Жавхлан: Оны дараагаас барилгын материалын үнэ буурах боломжтой

Нийгэм

Цар тахлын улмаас хил гаалийн нэвтрэх чадвар муудаж зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ. Хамгийн их нөлөөлж байгаа хэсэг бол барилгын материал гэдгийг салбарын сайд нь хэлж байна.

Манай улс дотооддоо цемент үйлдвэрлэдэг учраас үнэ харьцангуй тогтвортой. Харин бусад барилгын бараа материалын үнэ хоёр дахин өсөөд байгааг онцоллоо. Улс хоорондын асуудал яригдаж байгаа учраас барилгын материалын үнийг хүчээр барих боломжгүйг хэлж байна. 

Одоогоос гурван сарын өмнө барилгын материалын үнэ 50 хувиар нэмэгдээд байсан бол өнөөдрийн байдлаар зарим материалын үнэ 2-3 дахин нугарчээ. Тэгвэл таазандаа тултал өсчихөөд байгаа барилгын материалын үнэ оны дараас буурах магадлалтайг сангийн сайд хэлж байна. Тээвэрлэлтийн асуудал оны дараагаас цэгцэрч эхэлвэл аяндаа огцом үнийн өсөлт буурах төлөвтөө орно гэсэн юм. 
Нэгэнт өсчихсөн барилгын материалын үнэ эргэн буурахгүй байх магадлал өндөр. Тиймээс импортын асуудал эргэн хэвэндээ орвол үнийг бууруулахын тулд төрөөс арга хэмжээ авах эсэхийг тодрууллаа. Чөлөөт эдийн засагтай манай улс үнэ бууруулахын тулд хатуу албадлагын арга хэмжээ авах боломжгүй тул үнийн индексийг оны дараа шинэчлэн тогтоохоор төлөвлөжээ. 
Манай улс дотоодын үйлдвэрлэлээр цементийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон тул үнэ төдийлөн өсөөгүй. Гол өсөлт барилгын төмөр, арматурт байгаа тул энэ төрлийн материалыг дотоодод үйлдвэрлэн хэрэгцээгээ хангадаг болоход салбар яам бодлогоо чиглүүлэх ёстойг сангийн сайд хэлж байгаа юм.