ЮНИСЕФ: Цар тахал хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж байна

Үйл явдал

НҮБ-ын Хүүхдийн сан болох ЮНИСЕФ сүүлийн хоёр жилийн туршид дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдээд байгаа коронавирусний халдвар хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгааг онцолж байна. 

ЮНИСЕФ-ээс Мягмар гарагт гаргасан тайланд энэ талаар дурьдаж, цар тахлын улмаас хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцэд өөрчлөлт гарч, үүний хор уршиг олон жилээр, хэдэн арван жилээр үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.

Цар тахлын үеийн хөл хорио, локдауны улмаас хичээл сургууль нь завсардаж, гэртээ удаан хугацаанд суун, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийн сэтгэцэд өөрчлөлт орж байгаа юм. Тэр дундаа аутизмтай хүүхдүүд, мөн бусдын анхаарлаас гадуур орхигдсон, мөн хэт идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхдүүдэд энэхүү өөрчлөлт илүү мэдрэг байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.

Өнөөдөр хүүхэд, өсвөр насныхны дунд 7 хүүхэд тутмын нэгт дээрх шинж тэмдэг илрэн, сэтгэлзүйн асуудалтай болж байгаа юм. Энэ бол анхаарахгүй байж болохгүй асуудал гэдгийг тайланг гаргасан мэргэжилтнүүдийн нэг болох Зейнаб Хижази ярьж байна. Түүний хэлснээр жилд дунджаар өсвөр насны 47 мянган хүүхэд амиа хорлон нас барж байна. Энэ бол маш их тоо. Тиймээс хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, үүнд хөрөнгө оруулалт хийн ирээдүй хойчоо хамгаалах нь чухал гэжээ.