ИЛ МЕТРО ЗОРЧСОНООР ХОТЫН ОРШИН СУУГЧДАД ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛ БАЙДАГ Ч ТҮҮНИЙГ БАРИГДАЖ ЭХЛЭХ ҮЕЭС НЬ ЗӨВ ТЕХНОЛОГИ АШИГЛАХ, ТУСГААРЛАГЧ БАЙГУУЛАХ ЗЭРГЭЭР ШИЙДДЭГ

Ил Метро төсөл

Хотын иргэдийн тулгамдсан нэг асуудал бол дуу чимээний бохирдол. Ихэнх нь автозам дээр зорчих 600 орчим мянган автомашинаас гардаг гэхэд хилсдэхгүй. Харин ил метро зорчуулснаар автозам сонгон зорчих хувийн тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой. Гэхдээ ил метро оршин суугчдад, хотын иргэдэд дуу чимээний бохирдол өгч болно. Үүнийг анхны бүтээн байгуулалтаас эхлэн зөв технологи, зөв шийдэл, нэмэлтээр хийх тоноглол зэргээр бууруулж болдог байна. Хамгийн энгийн жишээ бол дуу тусгаарлагч өндөр хана, төмөр замын дууг бууруулах жийргэвч зэргээр шийдэж болдог байна.

Улаанбаатар хотод одоо ашиглагдаж байгаа төмөр замаар нийтийн тээврийн галт тэрэг зорчуулснаар иргэдэд өөрт тохирохоо сонгон зорчих боломж бүрдэхээр байгаа. Гэхдээ үүний цаана хотын оршин суугчдад ялангуяа төмөр замтай ойр оршин суугчдад эрүүл мэндийн ямар бодит эрсдэл учрах вэ? Хамгийн нэгдүгээрт дуу чимээний бохирдол буюу хэт чанга дуу чимээ иргэдийн сонсголын болоод бусад эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж болно. Гэхдээ дэлхийн олон хотод төмөр замаар нийтийн тээвэр зорчуулдаг тохиолдол байдаг. Тэр бүү хэл нийтийн орон сууцны голоор хүртэл метро явуулсан байдаг. Тэгвэл олон улсад дуу чимээг хэрхэн шийддэг вэ?

Тухайлбал зам дагуу өндөр бетон хана босгож, дууг тусгаарлах арга хэмжээ авч байна. Мөн галт тэрэгний хурд болон явах давтамжийг нарийн тооцоолж гаргадаг. Үүнээс гадна замын уян жийргэвч, төмөр замын засвар үйлчилгээ болон шаардлагатай бусад тоноглолын зардлыг бүтээн байгуулалтын явцад тооцож багтаана. Мэдээж үүнээс гадна дуу чимээ бага гаргах сүүлийн үеийн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг бүтээн байгуулалтын явцад ашиглахыг илүүд үздэг байна. Харин ашиглалтад орсны дараагаар оршин суугч иргэдээс ирэх санал гомдолд түшиглэн судалгаа хийж, үүний дагуу иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бага үзүүлэх арга шийдлийг нэвтрүүлдэг байна.

ИЛ МЕТРО ЗОРЧСОНООР ХОТЫН ОРШИН СУУГЧДАД ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛ БАЙДАГ Ч ТҮҮНИЙГ БАРИГДАЖ ЭХЛЭХ ҮЕЭС НЬ ЗӨВ ТЕХНОЛОГИ АШИГЛАХ, ТУСГААРЛАГЧ БАЙГУУЛАХ ЗЭРГЭЭР ШИЙДДЭГ