Г.БАТЗАЯА: Хүссэн мэргэжлээ сонгосон бол ямар ч бэрхшээлийг давж чаддаг 

Үйл явдал

Залуу эмчид багшлахуйц болтлоо мэргэшиж, 30 жил ажилласан сувилагч Г.Батзаяаг "Цаг" хөтөлбөр онцолж байна. Тоогоо алдсан түмэн шавьтай сувилагч Г.Батзаяа ажлаа хариуцлагатай, өндөр ур чадвартай гүйцэтгэдэг Монголын 13,000 сувилагчийн нэг юм. 

Түүнийг Ганбаатарын Батзаяа гэдэг. Сувилагч мэргэжилтэй. Салбартаа 27 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөн сувилагч болсон. Өнөөдрийг хүртэл ажил мэргэжилдээ дурлан, хариуцлагатай ажиллаж байгаа туршлагатай сувилагчдын нэг. Түүний ажил өглөө ажил хүлээлцэхээс эхэлдэг байна.  

Мэргэжлийн ёс зүйд нь тод томруунаар бичигддэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвараа хослуулан өнөөдрийг хүртэл ажиллахдаа ахлах сувилагч, мастер болтлоо мэдлэг боловсролоо ахиулан ажиллажээ. Аль ч салбар нэгждээ орж ажиллах хөрвөх чадварыг эзэмшсэн байдгаараа сувилагчийн алба онцлог.

Сувилагчдын ажлын ачаалал олон улсын дунждаас их. Тухайлбал УНТЭ-ийн эрүү нүүрний мэс заслын тасгийн нэг сувилагч жилдээ 2000 орчим үйлчлүүлэгч, амбулаторийн сувилагч 5000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.