Бразил тамирчныг доромжилсон тамирчинд ёс зүйн хариуцлага тооцож 5 сая төгрөгөөр торголоо

Спорт

БРАЗИЛ ТАМИРЧНЫГ САРМАГЧИН ГЭЖ ШООЛСОН “ДЭРЭН” КЛУБЫН ТАМИРЧИН О.ДАВААДЭЛГЭРИЙГ 5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ХӨЛБӨМБӨГТЭЙ ХОЛБООТОЙ БҮР АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ НЬ НЭГ ЖИЛЭЭР ХАСЛАА

2022 оны 09-р сарын 01-ний өдөр Монголын хөлбөмбөгийн дээд лигийн “Дэрэн” болон “Фалконс” багуудын хооронд болсон тоглолтын үеэр “Дэрэн” клубын тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийн Бразил тоглогч Тиаго Томайсыг “Сармагчин”, “Монкий” хэмээн доромжилж, сармагчны хөдөлгөөн, үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотой “Фалконс” клуб, багийн хөгжөөн дэмжигчдээс гаргасан гомдлыг Монголын хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

“Дэрэн” клубын 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэрийн гаргасан үйлдэл нь МХБХ-ны Сахилгын дүрмийн:    

- 36 дугаар зүйл: “Ялгаварлан гадуурхах”, 

- 42 дугаар зүйл: “Тоглолтын нэр хүндийг гутаах”,

- 43 дугаар зүйл: “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн 

- Улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 

- 54 дүгээр зүйл: “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь тогтоогдсон учраас дараах шийдвэрийг гаргажээ. 

Үүнд: 

1. “Дэрэн” клубын тамирчин О.Даваадэлгэрт Монголын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг 1 жилээр хасах, мөн 5.000.000/таван сая/ төгрөгийн мөнгөн торгууль ногдуулах,

2. “Дэрэн” клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

3. “Дэрэн” клуб нь өөрийн багийн тоглогчид болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон Сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт мэдээлэл зохион байгуулахыг үүрэг болгохыг даалгасан байна.