Гэвш Б.Цолмон: Шороон үхрийн зурлагаар бар жилийн өнгө сайхан байна

Нийгэм

Гэвш Б.Цолмон: Зуны дунд бэлэн намрын эхэн сардаа хур бороо элбэг байна

Яг долоо хоногийн дараа хаврын эхэн сар гарч, бар жилийн тоолол эхэлнэ. Шинэ гарч байгаа жилийг бурхны номонд үхэр хариулсан хүнээр шинждэг ёс бий. Буян үйлдэгч хэмээх бар жилийн хувьд цаг агаар тогтуун, хур бороо элбэг, өвчин эмгэг арилсан жил болно гэдгийг зурхайчид хэлж байна. Харин дээдэст ширүүхэн жил болох нигууртайг онцолжээ.

Шороон үхрийн зурлагаар гарч буй жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Энэ жилийн тухайд үхэр хөх толгойтой, хөх ногттой, хөх шийртэй ногоон биетэй буужээ. Үхрийн бие ногоон байгаа нь хур бороо элбэг дэлбэг, өвс нөгөө жигдэрсэн дэлгэр сайхан зун болох төлөв гэж байна. Мөн үхрийн эвэр, чих, сүүл шар байгаа нь тариа будай ахуй, ургац элбэг дэлбэг байна гэсэн үг юм. Харин хаврын эхэн болон дунд сард салхи шуурга ихтэй байх бол зуны дунд сараас намрын адаг сар хүртэл хур элбэг байна гэж шороон үхрийн зурлагад буужээ.

Үхэр хариулаач нь залуухан хүн буужээ.Тэрээр шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай буужээ.Энэ нь доодос, настан болон өндөр суудалтнаа хатуухан, залуус хийгээд дунд тушаалтнаа таатай жил болно. Түшмэд хүч сайтай, амгалан жил болох гэж байна.Мөн Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Улаан нохой өдөр таарч байгаа ихэд сайн гэж байна. 

Жилийн байр байцыг шинжих шороон үхрийн зурлагаар шинждэг энэ уламжлал Монголчуудын дунд эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн. Хамгийн гол дээрхи үхэр хариулж яваа зурлага жилийн өнгийг хамгийн ойр дөхөм хэлдэг гэж настайчууд ярьдаг юм.