Шэньжоу-12 хөлөг эх дэлхийдээ эргэн ирж байна

Технологи-360

Хятадын сансрын агентлагийн Шэньжоу-12 сансрын хөлөг эх дэлхийдээ эргэн ирж байна. Шэньжоу хөлгийн багийнхан Хятадын сансрын станц дээр 90 хоногийн туршид ажиллаж, пүрэв гарагт эх дэлхийгээ зорьжээ. 

Хятадын Үндэсний сансрын агентлагийн мэдээлж байгаагаар Шэньжоу-12 сансрын хөлөг Бээжингийн цагаар пүрэв гарагийн 08 цаг 56 минутад станцын үндсэн баазаас салжээ. Шэньжоу-12 хөлгийн багийн 3 гишүүн сансрын уудамд баригдаж байгаа Хятадын сансрын станц дээр 90 хоног ажиллаад эх дэлхийгээ зорьсон байна.

Хятадын тайконавтууд станц дээр хамгийн удаан хугацаагаар ажиллаж, дээд амжилт тогтоожээ. Шэньжоу хөлөг өнгөрсөн 6-р сарын 17-нд сансрын уудмыг зорьсон юм. Энэ хөлгөөр Хятадын тайконавт Не Хайшэн, Лю Бомин, Тан Хунбо нар сансрын уудмыг зорьжээ.

Тэд Хятадын сансрын станц дээр ажиллах хугацаандаа 2 удаа задгай сансарт гарч ажиллан, тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Шэньжоу-12 хөлөг Хятадын хойд хэсгийн Өвөр Монголын өөртөө засах орны Дунфэн дахь полигонд газардах юм. Сансрын нисэгчдийг угтах эрлийн багийнхан Шэньжоу хөлгийг угтахаар буух газрыг зорьж байна.