NEW SHEPARD САНСРЫН ХӨЛӨГ САНСАРТ АМЖИЛТТАЙ ХӨӨРӨӨД ЭРГЭН ИРЛЭЭ

Үйл явдал

Дэлхийн тэргүүн баячуудын нэг, Amazon компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос өөрийн Blue Origin компанид бүтээсэн Нью Шепард сансрын хөлгөөр товлосон өдрөө, товлосон цагтаа сансрын уудмыг зорин нисч, амжилттай газардлаа. 4 хүний багийн бүрэлдэхүүнтэй сансрын хөлөг Техас дахь Ван-Хорн хот дахь Безосын эзэмшлийн сансрын нислэгийн төвөөс орон нутгийн цагаар мягмар гарагийн 09 цаг 12 минутад хөөрч, нислэг 10 минут 10 секунд үргэлжлэн, эргээд амжилттай газардсан байна.

Нью Шепард хөлгөөр Жефф Безостой хамт түүний дүү Марк Безос, сансрын нислэгийн анхны эмэгтэй зааварлагч, 82 настай Уолли Фанк болон 18 настай Голландын оюутан Оливье Деймен нарын 4 хүнтэй баг сансрын уудмыг зорьсон юм. Нью Шепард хөлөг гараанаас гарснаас хойш 2 минутын дараа пуужин зөөгчөөс салж, улмаар сансрын нам өндөрт, сансрын тойрог зам руу чиглэн нисчээ. Безосын хөлөг гараанаас хойш дээш 107 км-ийн өндөрт ниссэн нь түүний өмнө сансрын уудмыг эзэмших аялал хийсэн Virgin Galactic-ийг үндэслэгч Ричард Брэнсоны амжилтаас 17 км-ээр өндөрт гарч ахиулсан байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Ричард Брэнсон өөрийн .... хөлгөөр 90 км-ийн өндөрт нислэг үйлдэж байжээ. Олон улсын агаарын нислэгийн холбооны тооцооллоор Карманы шугам буюу далайн түвшнээс дээш 100 км-ээс дээш өндөрт “сансрын хил” байдаг гэж тооцдог байна.

Нью Шепард хөлгөөр сансрын уудам руу амжилттай нисээд ирсэн 57 настай тэрбумтан Жефф Безос хөлгөө биечлэн жолоодсон юм. Blue Origin компанийн сансрын хөлгөөр Безосын баг дэлхийн гадаргуугаас дээш 107 км-ийн нам өндөрт нислэг хийж, бичил таталцлыг мэдрэн, улмаар тусгай капсулын тусламжтай эх дэлхийдээ шүхрээр эргэн буужээ. Энэ аялал нийтдээ 10 минут 10 секунд үргэлжилж, нислэг амжилттай болсноор 200 тэрбумын хөрөнгөтэй Безос өөрийн сансрын хөлгөөр сансрын уудамд аялсан “анхны сансрын тэрбумтан” боллоо.