Франц Улс Ливанд 100 сая еврогийн тусламж үзүүлнэ

Улс төр

Ливаны нийслэл Бейрут хотод одоогоос жилийн өмнө золгүй явдал болж, нийслэл хотын томоохон боомтод хүчтэй дэлбэрэлт болж байсан. Энэхүү дэлбэрэлтийн улмаас Ливанд их хэмжээний хохирол учирч, энэ улсын худалдааны томоохон боомт ажиллагаагүй болсноос эдийн засгийн хямрал нүүрлэхэд хүргэсэн юм. Тэгвэл Бейрутын боомтод болсон золгүй явдлын жилийн ойн дээр Франц  улс Ливанд 100 сая еврогийн эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэхээр тогтжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ талаар Ливанд тусламж үзүүлэх асуудлаарх олон улсын 3 дахь удаагийн бага хурлыг нээх үеэрээ мэдэгджээ. Францын тэргүүний тэмдэглэснээр Ливанд үзүүлэх эдийн засгийн тусламжийг энэ улсын боловсролын салбар, мөн Ливаны ард түмнийг шаардлагатай хүнсний зүйлсээр хангахад зарцуулах гэнэ. Макрон ийнхүү мэдэгдэх үеэрээ мөн Ливан улс дотооддоо үргэлжилж байгаа улс төрийн хямралаа цаг алдалгүй эв зүйгээр шийдэх нь чухал байгааг тэмдэглэжээ.

Ливаны томоохон боомтод жилийн өмнө болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас их хэмжээний хор хохирол учирч, улс орон нийгэм-эдийн засгийн хүндхэн байдалд байгаа юм. Ливаны ерөнхийлөгч Мишель Ауны мэдээлснээр улс орон нь хүндхэн байдалд орж, ард иргэдэд эм тариа, хоол хүнс зэрэг наад захын хэрэгцээний зүйлс дутагдалтай байна.