Л. Энх-Амгалан: ЕБС-ийн хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлдэж байна

Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: "Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. 

Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна. Одоогоор

  • 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь,
  • ерөнхий боловсролын сургуулийн 40,000 гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг аваад байна.

Иймд бид хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана. Хэрэв энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш хичээлээ хаасан цөөхөн хэдэн орны тоонд орно. Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна" гэлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн эрхийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилснөөр

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.08-наас
  • 4-12 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.15-наас эхлүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд сурагчдыг хугацаанаас нь өмнө амраасан тул 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр ярьж байсан. Гэвч цар тахал болон боловсролын тухай хуулийн хүрээнд ийнхүү уламжлал болсон есдүгээр сарын 1-ээс хичээлийг танхимаар эхлүүлээр бэлтгэл ажлыг хангаж байна.