Хүүхэд цэцэрлэг, сургуулиас илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авах нь их байгааг олон улсын судалгаа харуулжээ 

Боловсрол

Хүүхдийг танхимд сургах, цахим сургалтад хамруулах эсэхээ  эцэг эхчүүд сонгох боломжтой.

12-17 насны 30 гаруй мянган хүүхэд вакциндаа нэн даруй хамрагдахыг санууллаа.

Өнөөдрийн байдлаар 0-4 насны хүүхдийн өвчлөл 26 хувьтай байгаа бол 5-11 насны хүүхдийн өвчлөл 53 хувьтай байна. Харин 12-17 насны 253 мянган хүүхэд вакцинд хамрагдсан тул энэ насны хүүхдийн өвчлөл харьцангуй буурчээ. Тэгвэл хүүхэд багадаа хийлгэж байсан товлолт вакцинд хүнд хэлбэрийн урвал өгч байгаагүй бол ковидын эсрэг вакцин ч хүнд урвал өгөхгүй гэдгийг албаны хүн хэллээ.

Одоогоор вакцин хийлгэх ёстой 30 гаруй мянган хүүхэд байгаа тул нэн даруй дархлаажуулалтад хамрагдахыг сануулсан юм. Харин 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл гараагүй тул олон улсын байгууллагын судалгааг ажиглаж байна гэлээ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд амны хаалт зүүхгүй. Мөн бага ангийн сурагчид үдийн хоол идэхээс эхлээд амны хаалтаа авч харилцаанд орох тохиолдол их байна.  Тэгвэл Эрүүл мэндийн яам бага насны хүүхдүүд үдийн хоолоо идэх үеэр харилцан яриа үүсгэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэйг боловсролын байгууллагуудад санууллаа. Хүүхдэд вакцин хийх зөвшөөрөл байхгүй өнөөгийн нөхцөлд багш, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага нэн чухал гэдгийг онцолж байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар сурагчид танхимаас халдвар авахаас илүүтэй гэр бүлийн хүрээнд халдварт өртөх нь их байгааг тогтоожээ. Тиймээс эцэг эхчүүд танхимын сургалтаас халдвар авна гэж үзэхээс илүүтэй гэр бүлийн орчинд халдвараас хамгаалах нь чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас санууллаа.