Жил бүрийн 2-р сарын 21-нийг эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэдэг

Боловсрол

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 1999 оны чуулганаар жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэхээр баталсан. 

Энэ жилийн хувьд уг өдрийг "Олон хэлээр суралцахад технологийг ашиглах нь: саад бэрхшээл ба боломж" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Технологийн ачаар өнөөгийн боловсролын том саад бэрхшээлүүдийн заримыг шийдвэрлэх боломжтой байдаг. Технологи нь бүгдийг хамарсан, тэгш байдлын үндсэн зарчмуудыг баримталж чадвал хүн бүрд тэгш, хүртээмжтэй, насан туршийн суралцах боломжийг хангах хүчин чармайлтыг хурдасгаж чадна. 

КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сургууль хаалтын үеэр дэлхийн олон улс орнууд суралцахуйн тасралтгүй байдлыг хангахын тулд технологид суурилсан шийдлүүдийг ашигласан.

Судалгаагаар өндөр орлоготой орнуудын 96 хувь нь онлайн платформоор дамжуулан дор хаяж нэг боловсролын түвшинд зайн сургалт явуулсан бол бага орлоготой орнуудын хувьд энэ нь 58% байна. Ихэнх улс орнууд суралцахуйн тасралтгүй байдлыг дэмжихийн тулд телевиз (83%), радио (85%) зэрэг өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг ашигласан гэж мэдээлжээ.

Багш нарт зайн сургалтын чадвар, бэлэн байдал дутмаг байсан нь ойлгомжтой. Олон суралцагчид зайн сургалтад хамрагдахад  шаардлагатай тоног төхөөрөмж, интернэт холболт, хүртээмжтэй материал, тохирсон агуулга, хүний дэмжлэгийн тал дээр дутагдалтай байв. Түүнчлэн, зайн сургалтын хэрэглүүр, хөтөлбөр, агуулга нь хэлний олон талт байдлыг тэр бүр тусгаж чаддаггүй нь судалгаагаар батлагдсан байна.