Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Аравдугаар сарын агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдээс харахад сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.