COVID-19-өөр өвчлөөд өөрийн зардлаар эм, тариа худалдан авсан 7 иргэнд ₮3.7 саяыг ЭМД-ын сангаас буцаан олгожээ

Эрүүл мэнд

Даатгуулагч иргэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг.

Ингэхдээ өвчтөний түүх дээр бичигдсэн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг. Энэ хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв коронавируст халдварын батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу өөрийн зардлаар худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий долоон үйлчлүүлэгчийн 3,745,280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс даатгуулагчдад олгожээ.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын тухай хуулийг хэрэгжүүлж, ЭМДЕГ-аас тавьсан шаардлагыг шуурхай шийдвэрлэн иргэн, даатгуулагчийг хохиролгүй болгон ажилласан байна.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зөвлөлөө.