Сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж байгаа цар тахлын нөлөө нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Ковид-19 халдварын улмаас эх, нярайн эндэгдэл өссөнийг судалгаа харуулж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 45 эх энджээ. Засгийн газраас энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлого, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө.
Эхийн эндэгдэл харьцангуй бууж байсан ч сүүлийн хоёр жилд нэмэгдэж, энэ оны эхний есөн сарын байдлаар 45 эх эндэж, эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөнд 89,7 хувь болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Ингэж эхийн эндэгдэл өсөхөд цар тахлын асуудал нөлөөлж байгаа хэдий ч, хүний нөөцийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, орны хүрэлцээ дутмаг зэрэг нь зохих нөлөө үзүүлж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол улсын Засгийн газраас “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох шаардлага тавигдаж байгааг албаныхан санууллаа. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарна гэдгийг зөвлөгөөнд оролцогч төлөөллүүд онцоллоо.