Цар тахлын улмаас зарим үйлчилгээний байгууллагууд хаалттай байгаа. Тухайлбал, баар цэнгээний газрууд, караоке, зарим томоохон зочид буудлууд, түргэн хоолын газрууд багтаж байгаа юм.
Тэгвэл энэ байгууллагын ажилтан албан хаагчдыг өнөөдрөөс вакцины гуравдугаар тунд хамруулж эхэллээ. Үйл ажиллагаагаа цаашид явуулахад иргэдийн эрүүл мэндийг дээд зэргээр анхаарч, аюулгүй байдлаа хангах ёстой гэж үзэж байгаа юм.
Нийт иргэдийн 50 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдвал гашмгаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжих боломжтой гэдгийг засгийн газраас мэдээлж байгаа. Улбар шар түвшинд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон урлаг соёл, спортын тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээг хориглох заалттай. Гэсэн хэдий ч эдийн засгаа сэргээхийн тулд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг дархлаажуулалтад хамруулан үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдөр нийтийн хоолны салбарынхан дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдлаа.
Ресторан, зоогийн газар, түргэн хоолны газрын ажилтнуудыг нийслэлд дөрвөн бүсчлэлд хуваад нэмэлт тунд хамруулж байна. Их наяд плаза төвийн зургаан давхарт хоёр өдөр үргэлжлэх дархлаажуулалтад 2000 орчим хүн хамруулахаар төлөвлөөд байна. Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нээгдсэн ч шөнийн цэнгээний бүжиглэдэг газрыг хараахан нээгээгүй гэдгийг албаныхан хэлж байна. Гуравдугаар тунгийн хамрагдалт нэмэгдвэл энэ төрлийн үйлчилгээ нээгдэх боломжтой гэдгийг онцоллоо.