Манай улсад коронавируст халдварын давлагаа хүчтэй үргэлжилсэн хэвээр байна

Ковид-19 /дотоод/

Цар тахлын улмаас амь насаа алдаж байгаа иргэдийн тоо өдөр бүр бүртгэгдэж, буурахгүй байгаад эмч мэргэжилтнүүдийн санаа зовж байгааг Эрүүл мэндийн яамнаас дуулгалаа. Дээр нь нэн хүнд оноштой иргэдийн тоо олширсоор байгааг мэдээллээ. Тийм учраас ард иргэд маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газар очихгүй байхыг дахин сануулж байна.

Сүүлийн долоо хоногийн турш шинээр бүртгэгдсэн халдвар эдгэрсэн хүмүүсээс үргэлж давлаа. Энэ бол халдварын тархалт өндөр байгааг харуулсан бодит тоо гэдгийг онцоллоо. Өнөөдөр гэхэд л шинээр 680 тохиолдол бүртгэгдэж байна.

Вакцинжуулалтын хувьд улсын хэмжээнд өрнөж байна. Нийтдээ 2 сая 67 мянган хүнд вакцин хийхээс нэгдүгээр тунд хүн амын 89 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунг 43 хувь нь хийлгэжээ. Хоёр тун вакцинд хамрагдсан хэрнээ халдвар авсан хүмүүсийн тоо мөн өндөр байна. Хэдийгээр хөнгөн тусч байгаа ч хамгийн аюултай эрсдэл нь бусдад халдаах магадлалтай гэдгийг сануулж байна.


Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа вакцины дийлэнх хувийг өндөр хөгжилтэй орнууд худалдан авсаар байна. Харин хөгжиж буй орнуудад ердөө 0.3 хувь нь ноогдож байгаа юм. Тэгвэл ядуу буурай улсуудад тусламжаас өөр вакцин олдохгүй байгаа талаар мэдээлэл цацагдаж байна. Манай улсын хувьд вакцин татан авалт, нөөцлөх ажил шуурхай хурдтай байгааг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.