Нас баралтын сүүлийн нэг сарын хугацаанд огт буурсангүй. Нас баралтын оргил үе 5-р сард тохиож түүнээс хойш өдөрт манай улс 10-15 хүнээ алдсан хэвээр байна. Манай улсад тохиож байгаа нас баралт олон улсын дундажтай дөхжээ. Дэлхийд нас баралт 2.2 хувьтай байсан бол манай улсад оргил үедээ 1.5-2 хувьд хүрчээ. Цаашдаа нас баралт зогсох төлөв ажиглагдахгүй байгааг онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногийн хувьд нийт 15,478 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тоо өмнөх долоо хоногоос бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хоёрдугаар давалгааны 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн нь хөдөө орон нутагт илэрчээ. Харин хамгийн их санаа зовоож байгаа хэсэг буюу ямар нэгэн вакцин хийлгээгүй 0-17 насны хүүхдүүдийн 28 хувь нь халдварт өртсөн байна.