Коронавируст халдвар орон нутагт нэмэгдэх хандлагатай байна 

Ковид-19 /дотоод/

Сүүлийн нэг хоногт шинээр батлагдсан 1,297 тохиолдлын 610 нь орон нутагт бүртгэгджээ. Зарим өдөр орон нутагт батлагдсан тохиолдлын тоо нийслэл хотоос давж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт зургаан мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Багагүй хувь нь орон нутагт харъяалагдаж байна.  

Хоёрдугаар сарын 10-нд орон нутагт коронавируст халдварын 628 тохиолдол батлагдсан нь нийслэл хотоос давсан үзүүлэлт байлаа. Харин сүүлийн нэг хоногт орон нутагт 602 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын тохиолдол орон нутагт нэмэгдэх байдал ажиглагдаж байгааг салбар яамнаас мэдээлж байна. 

Зарим аймагт нас баралтын индекс нь улсын дунджаас өндөр байна. Тухайлбал, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Хэнтий,  Төв аймагт халдварын эндэгдэл улсын дунджаас өндөр байгааг ЭМЯ-наас танилцууллаа. Одоогоор Улаанбаатар хотод 2,500 ор дэлгэсэн бол орон нутагт 3,200 ор дэлгээд байна.