Эрх зүй
Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн үйл явдал өнгөрсөн баасан гарагийн орой болсон. Чухам юу болсон талаар тэнд байсан зарим эх сурвалжуудаас авсан мэдээллийг хүргэе.
18.00 цагийн үед иргэн Г гэх эмэгтэй олимпийн аварга Н.Түвшинбаяртай уулзахаар очжээ. Тэд энэ өдөр уулзахаар өмнө нь тохиролцсон байна. Тэдний ажилд Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ туслана гэдгийг Н.Түвшинбаяр уулзалтын үеэр хэлжээ. Ингээд уулзалт дууссаны дараа Н.Түвшинбаяр бидний ажилд туслах С.Гал-Эрдэнэ ойрхон байгаа. Нэгэнт ирсэн юм чинь ороод уулзаад яв гэж Г-д хэлээд, хамтдаа “Залуу монгол” оффис руу орцгоосон байна.

19.00 цагийн орчимд хэрэг болсон өрөө рүү орохоор Н.Түвшинбаяр, Г нар хамтдаа явж байсныг гэрчүүд харжээ. Тэд амны хаалтгүй лифтэнд явж байсан нь камерын бичлэгт ч үлдсэн байна.

Ингээд Н.Түвшинбаяр, Г нар С.Гал-Эрдэнийн өрөөнд ороход улсын начин Э.Энхбат, С.Гал-Эрдэнэ нар байсан. Тэд тохирсон ёсоор ажил ярьж, эрчүүд нь архи ууцгаажээ. Хэсэг хугацааны дараа иргэн Г улсын начин Э.Энхбаттай хамт тухайн байшингийн зургаан давхарт бууж тамхи татсан байна. Э.Энхбат, иргэн Г нар удалгүй буцан өрөө рүү орсны дараа иргэн Г-ийн ажлын газрын хоёр эмэгтэй хэрэг гарсан оффисын гадаа иржээ. Тэд хамтдаа ажлын газрын хүний байрны найранд явахаар тохирсон байсныг иргэн Г мэдүүлэгтээ хэлсэн байна. Ингээд иргэн Г тэднийг орхин гарч, ажлын газрын хүмүүстэйгээ уулзан автомашинтай хөдөлсөн боловч гар утсаа тэдний өрөөнд нь мартжээ. Утсаа авахаар өрөөний үүдэнд иргэн Г ганцаараа очиход өрөө гаднаасаа цоожтой, дотор нь хүмүүс орилолдож, хүчтэй чимээ шуугиан гарч байсан байна. Ингээд хаалгыг нь тогшиж 20 орчим минут зогсчээ. Энэ хооронд иргэн Г-тэй хамт явахаар ирсэн хоёр эмэгтэй Г-г гарч ирэхгүй удаж байсан учраас юу болсныг асуухаар өрөөний үүдэнд хамтдаа очсон байна.
Ингээд хүн орилолдох чимээ зогсохгүй байсан учраас тэд ойр хавьд байсан хүмүүсийг дуудаж хаалгыг эвдүүлсэн байна. Гэтэл дотор нь цус, нөж болсон хоёр хүн байсныг олж харжээ. Харин хамт байсан С.Гал-Эрдэнэ Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг “хоорондоо учраа ол” гэж хэлээд хаалгаа гаднаас цоожлоод орхисон байсан талаар эх сурвалжууд хэллээ.

Тэр даруйд иргэн Г “Херо” энтертайнмэнтийн захирал Б.Баатар руу залгаж Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёр зодолдоод байна гэдгийг дуулгасан байна. Харин Б.Баатар найруулагч төд удалгүй Я гэх хүнтэй хамт ирж тэднийг салгажээ. Энэ хооронд иргэн Г хамт явсан ажлын газрын хоёр эмэгтэйтэй гарч явсан байна. Харин Б.Баатар зодооныг салгасныхаа дараа Э.Энхбатад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, толгойг нь боожээ. Мөн Н.Түвшинбаярыг хол байхыг сануулсан байна. Харин Н.Түвшинбаяр “ойртох юм бол хэн ч байсан ална шүү...” хэмээн орилсоор байсныг оффист байсан гэрчүүд сонсчээ. Энэ хооронд цагдаагийн цагдаагийн ажилтнууд дуудлагаар ирсэн байна.
Бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж удахгүй хүргэнэ.