Н. Тавинбэх: Цахилгааны үнийг 20-25 хувиар нэмэх шаардлага үүссэн

Улс төр

Сүүлийн 30 жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл цаашид хөдлөх эсэх асуудал яригдахтай зэрэгцээд дотоодын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломжийн асуудлыг УИХ дахь ардчилсан намын бүлэг салбарын сайдаас тодруулсан байна.

Уг нь бол 1940 оны үед ОХУ манай улсын 28 байршилд усан цахилгаан станц барих боломжтой гэж дүгнэлт гаргаж өгсний нэгт Эгийн гол багтсан байдаг.

Үүнээс хойш 1991 онд манай улс Эгийн голын усан цахилгаан станцыг барьж баруун бүсийн эрчим хүчээ 100 хувь хангахаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл тус төсөл дорвитой хөдөлж чадаагүй. Цаашид хэдий болтол эрчим хүчээ Оросоос хангах нь тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэмэлтээр эрчим хүч авах шаардлага үүсч, дотоодын хэрэглээ улам бүс өсч байгааг салбарын сайд мэдэгдлээ. 

Дотоодын эрчим хүчний хэрэглээ эрс өссөний дээр импортоор авч байгаа эрчим хүчний тариф өндөр өртөгтэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 1кв эрчим хүчийг 170 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэдэг бол иргэдэд 118 төгрөгөөр нийлүүлж байна. Энэ нь алдагдлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж, станцад засвар хийх ч боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.  

Төрөөс эрчим хүчний үнийг чөлөөлөх бодлого баримтлахгүй гэдгийг салбарын сайд онцоллоо. Гэхдээ хэрэглээний эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй бол цаашид энэ салбар өнөөгийн тогтолцоогоор явж чадахгүй болсон гэдгийг хэлж байгаа юм.