Энхтайвны гүүрний засварын асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
-Явган хүний замын гадаргуу тэгш бус, барзгар байна гэх мэдээлэл бий. Үүнд хэрхэн, яаж хяналт тавьж байгаа вэ?
-Энэ замыг 2004 оноос хойш засаагүй учраас маш их хэмжээний эвдрэл, хагаралтай, ан цав үүссэн. Үүнийг бетонон зуурмаг тавьж, шавардлага хийж тэгшилье гэхээр замын инженерүүд “Ингэж хийвэл ховхорч унана. Харин резинэн зам барзгар гадаргын ховил нүх рүү илүү сайн шигдэж орно” гэсэн. Компани мөн энэ замд баталгаа өгнө гэж байгаа. Хотын дарга ажлын чанарт байнга анхаарал тавиарай гэдэг үүргийг надад өгсөн. Манай албаныхан, мэргэжлийнхэн хяналт тавьж байгаа. Энэ зам угаахад, бороо орох тусам тодордог. Эвдрэл гэмтэл гарвал тухайн компани засаад явна гэдэг гэрээ хийсэн. Хонхорхойтой хэсгүүдийг явцын дунд засаж, хүлээж авна. Засварын ажил дуусаагүй. Үлдсэн хэсгийг явган хүний хөдөлгөөнд саад болохгүйгээр, шөнийн цагаар богино хугацаанд хийнэ. Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй учраас энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй.