Нийгэм

Энэ долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Токио хотод наймдугаар сарын 22 хүртэл хөл хорио тогтоосон. Энэ нь халдварын тархалттай холбоотой юм. Японд цар тахлын дельта хувилбар маш эрчимтэй тархаж өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 даваад байна. Үүнтэй холбоотойгоор олимпд оролцож буй баг тамирчдад өндөр шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал, тамирчин тэмцээнд оролцохоос өмнө халдвартай нь батлагдвал олимпд оролцохгүй байх зохицуулалттай байгааг МҮОХ-ноос мэдээллээ. Хэрэв ойрын хавьтал болвол тусгаарлаж олон удаагийн шинжилгээний дараа олимпд оролцуулна гэлээ. Мөн олимпын үеэр оролцогчдын явах маршрутыг ч тодорхой заажээ. 

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Токио 2020 зуны олимпын наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсон. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах юм. Уламжлалыг эвдсэн энэхүү өөрчлөлт нь халдвар дамжихаас сэргийлж буй нэг хэлбэр гэж үзэж байгаа. Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хориглохоор болжээ. Өмнө нь ОУОХ медаль гардуулах ёслолд оролцогчид амны хаалт зүүх журам танилцуулж байсан. Тэгвэл халдварын тархалт эрчимтэй байгаа тул журмаа улам чангатгажээ.