Нийгэм

Улаанбаатар хотоос 450 орчим км зайд орших Хэнтий аймгийн энэ сум үүднээсээ эхлээд "яагаад тэргүүнийх болсон бэ" гэдэг нь харагдана.

Эмц цэгцтэй, цэвэрхэн, шинэ барилга байгууламжууд олонтой. Сумын удирдлагууд эхний ээлжинд иргэдээ цалин орлоготой болгохын төлөө зүтгэжээ. Ингээд байж болох бүхий л жижиг үйлдвэр, өрхийн амжиргаа дэмжих хөтөлбөрүүдийг эхлүүлсэн байна.

Үр дүнд нь сумын төв дээр бүх иргэн ажилтай орлоготой болж чаджээ. Улсаас ядуу өрхөд дэмжлэг болгон хоолны талон өгдөг. Тэгвэл энэ суманд ийм талон авдаг нэг ч хүн үлдээгүй байна.

Бүх өрх нь орлоготой болж, одоо орлогоо хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч эхэлжээ. Ийм амжилтанд хүрсэн учраас Монгол Улсын засгийн газар тэргүүний сумаар нэрлэж 100 сая төгрөгөөр шагнасан байна. 

Энэ суманд анхаарал татахуйц нэг зүйл байгаа нь орон сууцны хороолол.

Хот суурин газар иргэд ямар орон сууц, байранд амьдардаг яг л тийм орчин бий болгохоор зорьжээ. Энэ ажил нь алсдаа иргэд хөдөөгөөс хот руу чиглэдэг биш хот явсан нутгийн иргэд сумандаа буцаж ирэх боломжийг хангах зорилгоор хийсэн байна. Сумын зүгээс орон сууцаа худалдаалахдаа байж болох бүх нөхцлийг иргэддээ санал болгосон байна.  Халуун хүйтэн ус, бохир гээд бүгдийг нь шийдсэн орон сууцанд малчид голдуу оржээ. 

Энэ суманд Гүрэмийн нэртэй нуур бий. Эмчилгээний зорилгоор ч орж болдог энэ нуурыг сүүлийн жилүүдэд олон хүн зорих болсон байна. Тийм учраас амрагч, аялагч нарыг цэгтэй байлгах, байгаль орчноо хамгаалах үүднээс одооноос дүрэм журмаа боловсруулжээ.

Нуурын эрэг рүү машинтайгаа бөөнөөрөө шахаж ордог биш машины зогсоолыг нь тусад нь гаргаж, майхан барих хэсгийг хүртэл зааж өгөхөөр төлөвлөжээ.

Харин нуурын эргийг далайн наран шарлагын газартай төстэй байдлаар ашиглахаар сумын удирдлагууд тооцоолжээ.