Нийгэм

Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байна. Тиймээс холбогдох дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэсэн байна. Өнөөдрийг хүртэл ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль огт байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй аж. Тиймээс журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ. Цаашид дээрх хоёр журмыг шинээр баталсан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Тиймээс өнөөдрийн НИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэлээ.