БНХАУ шатахуун тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Нийгэм

Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. 

БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлэн манай улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцууллаа. Энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Харин Хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгджээ. 

Манай улсаас БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулаад байгаа юм.