Гар утасны аппликейшн ашиглан малын бүртгэлийн мэдээллийг бүртгэнэ

Нийгэм

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажил нэгдлийн үе буюу 1959-1992 онд манай улсад эрчимтэй явагдаж байв.

Энэ үед нэгдэл, бригадуудад зоо техникч ажиллаж, бүх мал ээмэг, бүртгэлтэй байсан. Харин бүртгэсэн малын мэдээллийг цаасан дээр архивладаг, нэгдсэн систем, программ гэж байгаагүй. Харин 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, сум болгонд мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулснаар мал бүртгэлжүүлэлтийн ажил эрчимтэй сэргэж эхлэв. Уг хөтөлбөрийн хүрээнд мал бүртгэлжүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх урт хугацааны зорилт тавьсан.

Мөн 2011 онд “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” журам баталснаар энэ ажил улам бүр эрчимжиж, улмаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүхий систем бий болжээ.

Харин 2019 оноос энэхүү мэдээллийн нэгдсэн санг улам боловсронгуй болгох зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем” төслийг Өвөрхангай аймгийн 4 суманд амжилттай туршиж хэрэгжүүлсэн юм. Энэхүү систем нь гар утасны аппликейшн ашиглан интернетгүй орчинд ч малын бүртгэлийн мэдээллийг нэгдсэн санд бүртгэх боломжийг бий болгож, хэрэглээг малчдад илүү ойртуулснаараа онцлогтой.

Тиймээс "Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх airs систем”-ийн хэрэглээг улам өргөжүүлэхээр ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.