Нийслэлийн замд өдөрт 30 орчим тонн давс, зориулалтын бодис цацаж байна

Нийгэм

Нийслэлд өдөрт 29-30 тонн орчим зориулалтын бодис, давс цацаж замын халтиргаа гулгааг арилгаж байна. Нийслэлийн хот тохижилтын газрынхан 06.00 цагаас эхлэн ажиллаж байна.

Зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч талбайн цасыг цэвэрлэж, байнгын байдалд ажиллаж байгааг албаныхан онцоллоо. Хот тохижилтын газрын агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс нөөцөлжээ.

Энэ нь өнгөрсөн өвөл зөвхөн давс гэхэд 440 тонныг хэрэглэж байсантай харьцуулахад  өвлийн турш хүрэлцэх хэмжээний бодис, давстай байгаа талаар ОНӨААТҮГ-аас мэдээллээ. Өвөл хэрэглэх зориулалтын бодис, давсыг ОХУ-аас импортолж аван нөөцөлжээ. Мөн БНХАУ-аас өнгөрсөн жил оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц байгаа учир хил, гааль, хангалтын байдал үүсэхгүй, давс, бодисоор тасалдахгүйгээр бэлэн байдлыг хангажээ.

Харин техник хэрэгслийн хувьд хангалттай хүрэлцээтэй байгааг тодотголоо. Тухайлбал, шүүрний машин найм, бодис цацах машин 12 байгаа юм. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг эдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээд гардаг болохыг онцоллоо.