Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэнэ

Нийгэм

Дэлхийн шилдэг баритон, Соёлын элч дуучин Э.Амартүвшинг өнөөдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнах МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Гэвч тэрээр гадаадад тоглолттой байгаа тул шагналаа одоогоор гардаж аваагүй байна.

Э. Амартүвшин 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрээр дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тодруулбал, ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох бөгөөд Лондоны “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ. 

Тэрбээр 2021 оны долоо, есдүгээр саруудад Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод байгаа юм. Харин 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай байгаа гэлээ.

Э.Амартүвшин энэ оны 10 сард олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн юм. Энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авахаар болжээ.