С.БАЯРАА: Зориулалтын зууханд шахмал түлш түлснээр шаталт сайн, илч их, хэмнэлттэй байна 

Нийгэм

Сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэж байгааг иргэд ярих болсон. Үүнийг албаныхан олон янзаар тайлбарлаж байгаа юм. Тэгвэл СХД-ийн хяналтын албаныхан зориулалтын бус зууханд сайжруулсан түлш түлж байгаа нь дутуу шаталт үүсгэж, утаа их ялгаруулж агаарын бохирдолд нөлөөлж байгаа гэлээ. Тиймээс айл болгоныг төслийн зуух буюу зориулалтын зуухтай болох шаардлагатай байгааг онцоллоо. 

СХД-ийн хяналтын ажилчид зориулалтын зууханд сайжруулсан шахмал түлш түлэх, зориулалтын бус  зууханд шахмал түлш түлэх хоёр эрс ялгаатай болохыг ярьж байна. Бид ч сурвалжилгынхаа хүрээнд зориулалтын  буюу төслийн зуухтай айл, зориулалтын бус буюу уламжлалт зуухтай айлаар орж сурвалжлага бэлтгэлээ. Ингэхэд зориулалтын зуухтай айлынх илч сайтай, дулаан, бүрэн шаталттай мөн хэмнэлттэй байсан юм. 

Харин зориулалтын бус зуух бол эсрэгээрээ байлаа. Тодруулбал, шаталт дутуу, илч бага байсан юм. Тиймээс хяналтын ажилчид айл бүр төслийн зуухтай болох шаардлагатай байгааг онцоллоо. 

Угаарын дуудлага бүртгэгдэж байгаа айлын дийлэнх нь зориулалтын бус зуухтай байдаг байна. Тиймээс шахмал түлшийг зөв зууханд түлэх шаардлагатай байгааг онцоллоо. Мөн энэ дүүрэгт 800 орчим айлын угаар мэдрэгчийг нэгдсэн системд холбосон байна.

Ингэснээр айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч ажилласан тохиолдолд шууд Таван Толгой түлш компанийн  24 цагийн хяналтын дэлгэцэнд очдог болжээ. Ингэснээр албаныхан шуурхай арга хэмжээ авч иргэдийг угаартахаас сэргийлэн ажиллаж байгааг тодотголоо.