Нийслэл хот хуучин машины оршуулгын газар болсон тул насжилтын хэмжээг хуулиар тогтооно

Нийгэм

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахаар Улсын их хурал ажлын хэсэг байгуулсан. Эхний хуралдаанаар автомашины насжилтын асуудлыг хөндсөн байна. Хэт хуучин автомашинуудын тоо олширсноос гадна жилдээ 80 мянга орчим хуучин автомашин импортоор орж ирж байгааг судалгаа харуулжээ. Тийм учраас автомашины насжилтыг тогтоох, хэт хуучин автомашиныг жагсаалтаас гаргах асуудлыг хэлэлцсэн байна.

Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хотод 600 мянга орчим тээврийн хэрэгсэл өдөр тутмын хөдөлгөөнд ордог. Үүн дээр нэмээд жил бүр 80 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэгийн дийлэнх хувийг насжилт нь дууссан стандартын шаардлага хангадаггүй тээврийн хэрэгсэл эзэлдэг гэдгийг албаны хүн хэллээ.

Манай улс тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирэхэд ямар нэг стандарт тавьдаггүй, хэн дуртай нь хэрэглээнээс гарсан хуучин машин оруулж ирж байгаа нь түгжрэлд нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл гэдгийг хэлж байна. Энэ байдлаар цааш таван жил явбал нийслэлийн авто замын хөдөлгөөн тэг зогсоно гэх судалгааг гаргасан. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулж насжилтын хязгаар тогтоохоор төлөвлөж байна. 

Мөн тээврийн хэрэгслээс авах агаар бохирдуулсны төлбөрийг шинэчлэн тогтоох шаардлагатайг албаны хүн хэлж байна. УИХ-аас түгжрэлийг бууруулах ажлын хэсэг гаргаж шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулан засч сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр эхний хуралдааныг хийж хаврын чуулган эхлэхээс өмнө дорвитой шийдлүүд гаргахаар ажиллаж байгааг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Нийслэл хот урд өмнө түгжрэл бууруулахад дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байсны гол шалтгаан нь төсөв санхүү байсныг хотын дарга онцолж байсан. Харин энэ удаад УИХ, засгийн газар санхүүгийн асуудлыг шийдсэн тул ажлыг шуурхайлах хэрэгтэйг ажлын хэсгийн ахлагч онцолж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 100 орчим уулзвар дээр ажиллаж байгаа гэрлэн дохионы дийлэнх нь хэзээ мөдгүй зогсох эрсдэлтэй болсныг хотын даргын орлогч Одсүрэн хэллээ. Тиймээс дэлхийн банкнаас авч байгаа 100 сая долларын хөнгөллтэй зээлээс нийслэлд байгаа гэрэл дохиог стандартад нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөжээ.