50 сая мод тарих хөтөлбөр эхэллээ

Нийгэм

Хөдөө аж ахуйн их сургууль Сибирийн ойжуулалтын хүрээлэнтэй хамтран 50 сая мод хөтөлбөр эхлүүллээ. Ингэхдээ суулгацаа өөрсдөө бэлтгэхээр төлөвлөжээ. Нэг суулгац ойролцоогоор 5-7 жилийн хугацаанд бэлэн болдог бол энэ хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн хугацаанд бэлэн болдог суулгац гарган авчээ. Хурдан хугацаанд суулгацаа бэлтгэх боломжтой болсноор 10 жилийн дотор 50 сая мод тарих боломжтой гэдгийг онцолж байна.

50 сая мод тарих хөтөлбөрийг ХААИС болон Сибирийн ойжуулалтын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. 50 сая модны үржүүлгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь 16 мянган га, Ар гүнт дахь 38 мянган га газарт хийхээр төлөвлөсөн байна. Энэ хөтөлбөр нь ойгоос мод шилжүүлэн суулгахаас ялгаатай. Модыг үр байхаас нь эхлэн тусгай арга технологиор ургуулах юм байна. Энэ арга технологийг ХААИС-ийн эрдэмтэд дотоодод нэвтрүүлж байгаа юм. Энэ арга бол гадна дотны олон улсад хэрэгжүүлж буй тэргүүн туршлага юм байна. 

Мод тарих хүсэлтэй иргэд гар утасны апп суулгаж Мод хөтөлбөрт апп-аар модны захиалгаа өгөх юм байна. Ийнхүү шинэ технологиор тарьж ургуулсан суулгацаа хоёр жилийн дараа авч хүссэн газартаа суулгах боломжтой. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 5 тэрбум мод хөтөлбөртэй уялдуулан ийнхүү мэргэжлийн таван байгууллага Хөдөө аж ахуйн сургууль, Сибирийн ойжуулалтын хүрээлэнтэй хамтран хөтөлбөрийг эхлүүлж байна. Ингэснээр цөлжилттэй тэмцэх ажилд томоохон нөлөө үзүүлнэ гэж албаныхан хэлж байна. 

ШУУД ҮЗЭХ