Дэлхий дахинд тархсан цар тахал манай гарагийн эдийн засагт хүчтэй нөлөөлсөн. Бүх улсыг дайран өнгөрсөн энэ хямрал манай улсад ч ялгаагүй нөлөөлснийг эдийн засагчид хэлж байна. Вакцин гарсны дараа эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байсан ч дельта хувилбарын тархалтын үеэр дахин унасан гэдгийг Төв банкнаас мэдээллээ. Гэхдээ засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийн хөтөлбөрүүд хүнд үед байгаа оносон бодлого байсныг Төв банкны эдийн засагчид онцоллоо. Үр дүнд нь 2022 онд Монголын эдийн засаг таван хувиар өсөх тооцооллыг хийсэн байна.
Манай улсын эдийн засаг хөрш орнуудын авч хэрэгжүүлж буй бодлоготой шууд холбоотой. Тухайлбал, БНХАУ "тэг ковид" бодлого хэрэгжүүлсэн нь манай улсын эдийн засгийн төсөөллыг бууруулснаас гадна инфляцийг эрчимжүүлсэн. Тухайлбал урд хөршийн авч хэрэгжүүлж бодлогын үр нөлөөгөөр манай улс хэдэн сарын турш хилээ хааж, импортын бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн хомсдсон, тээвэр логистикийн үнэ өссөн, нийлүүлэлт доголдсон зэрэг нь эдийн засгийн өсөлтийг бууруулахад нөлөөлсөн гэж Төв банк үзэж байна.
2022 онд эдийн засгийн өсөлтийг таван хувиар нэмэгдүүлнэ гэж эдийн засагчдийн төсөөлөл гарсан байна. Манай улсын хувьд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн эдийн засгийн дэмжлэг нь эерэг дүр зургийг харуулсан гэж үзэж байна.
Өрхийн хэрэглээ 2021 онд -6.6 хувиар унасан ч эргээд 6.8 хувиар өсчээ. Нүүрсний салбар сүүлийн хоёр жил дараалан агшсан нь манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг доош нь татсан болохыг шинжээчид хэлж байна. Үүнд нүүрсээ хэрэглэгчдэд хүргэж чадаагүй нь нөлөөлсөн. Мөн Барилга, тээврийн салбар хоёр жил агшжээ. Худалдаа үйлчилгээний салбарууд хөдөлмөрийн шингээлт өндөр буюу олон хүнийг ажлын байраар хангадаг.
Эдгээр салбар сүүлийн үед сэргэх хандлагатай. Гэхдээ өрхийн хэрэглээ сэргээгүй. Учир нь хөдөлмөрийн зах зээл бүрэн сэргэж амжаагүй. 2021 оны сүүлийн улиралд хөдөлмөрийн зах зээл тогтворжсон ч бүрэн сэргэж чадаагүй байгааг Төв банк мэдээллээ. Хөдөлмөрийн нийлүүлэлт аажмаар сэргэж байна. Энэ нь орлогоор дамжин өрхийн хэрэглээнд нөлөөлөхийг Монголбанкнаас танилцууллаа.