Иргэд: Өмнөх нь үр дүнгүй байсан учир дахин хөл хорио тогтоох хэрэггүй

Нийгэм

УОК-оос 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргасан ч Засгийн Газар энэ шийдлийг түтгэлзүүлэн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах, амралтын өдөрт хатуу хөл хорио тогтоох зэрэг зохицуулалтууд хийсэн. Тэгвэл энэ шийдвэрт иргэд хэр сэтгэл хангалуун байна вэ? Энэ талаар сурвалжиллаа.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо улсын хэмжээнд есөн мянга дөхөж байна. Тэгвэл халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед хөл хорио тогтоох саналыг шийдвэр гаргагчид дэмжсэнгүй. Харин иргэдийн зүгээс хоёр талын байр суурийг илэрхийлж байна.  Тэд иргэдийнхээ эрүүл мэндийг бодвол хөл хорио тогтоох нь зөв харин эдийн засгаа бодвол хөл хорио тогтоох нь буруу гэсэн тайлбар өгсөн юм. Халдвар энэ хэвээр эрчимтэй үргэлжилвэл өдөрт 1000 цаашлаад зургаа дугаар сар гэхэд өдөрт 4-5 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоолол гарсан болохыг эрдэмтэд хэлж байна. Харин халдварыг бууруулах, сэргийлэх хамгийн зөв арга бол иргэдийн сахилга бат, хариуцлага болоод байна. Төр засгийн зүгээс иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бүх нөхцөл бололцоог ханган, зохион байгуулж байгаа юм. Тиймээс та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна.