Нийгэм

Энэ сарын 21-нд Сэмжид хужирт рашаан сувилалд амарсан иргэнээс халдвар илэрсэн. Тус амралтын газарт 3-р сарын нэгнээс хойш амарсан иргэдийг олж тогтоон шинжилгээ авахад хэд хэдэн аймагт халдвар бүртгэгдсэн. Тухайлбал 3-р сарын 20-нд амарсан зарим амрагчид сувиллын ажилтнуудаас халдвар авчээ. Зарим ажилтан нь ханиалгаж байсан ч амрагчдадаа эмчилгээ хийсээр байсныг амрагчид хэлж байна. 

Энэ сарын 20-ны өдөр “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амрахаар очсон амрагч эхний өдрөө эмчийн үзлэгт оржээ. Амрагчийг үзүүлж байх үед эмч ханиалгаж байснаас гадна амны хаалтаа чихэндээ өлгөсөн байсныг амрагч хэлж байна. Эмч ханиалгах үед чихэн дэх амны хаалтаараа амаа дарсхийн ханиалгаж байсан тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Ингээд шавар эмчилгээнд ороход сувилагч амны хаалттай байсан ч мөн л их хэмжээгээр ханиалгаж байжээ. Харин 2021,03, 21-ны өдөр тус сувиллаас халдвар илэрч  эмч, ажилчдаас шинжилгээ авахад нэлээд хүмүүсээс халдвар илэрчээ. Сувиллын амрагчид шавар тавиулахаас гадна массаж, бариа засал зэрэг уламжлалын бүхий л эмчилгээ хийлгэдэг байна. Массажны багажаа зөвхөн урд хэсгийг нь ариутгаж, бариул хэсгийг нь ариутгалгүй олон амрагчид дамжуулан хэрэглүүлсэн тохиолдол ч энд гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын зарим хариуцлаггүй ажилчдаас үүдэн халдвар авсан олон хүн эрүүл саруул болох гэж ирээд халдвар өвчин авсандаа гомдолтой байна гэдгээ учирлалаа. Өвчнөө хүндрэлгүй эдгээсэй гэж хүсэх хүн олон байгааг амрагч хэлж байна. Тус сувилалд ХӨСҮТ болон БОЭТ-оос эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар "Сэмжид хужирт" рашаан сувилалд халдвар авсан 50 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал харьцангуй тогтвортой хэвийн байна.