Лионель Месси “Барселон” багаа орхилоо

Спорт

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси Испанийн Ла Лигийн Барселон багаас гарчээ. Хэдийгээр багаа орхихгүй байхыг эцсээ хүртэл хүссэн ч Мессигийн Барселон багтай байгуулсан гэрээ дуусгавар болжээ.

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, Каталонийн багийн нэрийн хуудас болсон 36 настай Аргентины тамирчин санхүүгийн дүрэм журманд баригдан цаашид төрөлх багтайгаа гэрээгээ сунгаж чадаагүй байна. Гэхдээ Месси Барселон багтай хувийн гэрээний нөхцлөө тохиролцон, талууд аль аль нь цаашид хуулийн хүрээнд гэрээгээ сунгах боломжгүй болсныг ойлголцжээ.

Месси Барселон багт өсвөр насандаа 13-тайдаа ирж, багийнхаа дэргэдэх “Ла Масия” академид суралцан, мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа 2004 онд 17 настайдаа Барселон багаас эхлүүлсэн юм. Тэрээр Барса багтаа 17 улирал тоглохдоо нийтдээ 672 гол оруулжээ. Тэрээр Барса багтайгаа 10 удаа Испанийн Үндэсний аваргаар шалгарч, Испанийн цомын тэмцээнд 7 удаа түрүүлэн, Испанийн супер-цомыг 8 удаа хүртэж байжээ. Түүнчлэн Барселон багийн бүрэлдэхүүнд Аваргуудын Лигийн тэмцээнд 4 удаа түрүүлж, УЕФА-гийн супер цомыг гурвантаа хүртэн, Дэлхийн клубуудын аваргаар 3 удаа шалгарч байжээ.

Лионель Месси оны шилдэг хөлбөмбөгчний “алтан бөмбөг” цолыг 6 удаа хүртэж, 9 удаа Испанийн аваргуудын шилдэг тамирчнаар шалгарч, 6 удаа “алтан шаахай“ авч байжээ.