Спорт

ОУОХ-ны тэргүүн асан Жак Рогге 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. ОУОХ-г олон жил тэргүүлэн ажилласан Жак Рогге Олимпийн хорооны 8 дахь ерөнхийлөгчөөр ажиллан, одоогийн тэргүүн Томас Бахд 2013 онд халаагаа шилжүүлэн өгч байжээ.

Жак Рогге ОУОХ-г 2001-2013 оны хооронд тэргүүлэн ажиллажээ. Улмаар ажлаа өгснийхөө дараа ОУОХ-ны хүндэт тэргүүн болоод байжээ. Гэмтлийн мэс засалч мэргэжилтэй Жак Рогге их сургуульд суралцаж байхдаа спортын анагаах ухаан мөн судалж байсан юм. Түүнчлэн Рогге спортод хайртай, бага залуудаа регби тоглож, Бельгийн Үндэсний шигшээ багт багтаж байжээ. Мөн тэрээр далбаат завины спортын төрлөөр 16 удаа Бельгийн үндэсний аварга болж, 1968,1972, 1976 оны Олимпийн наадамд оролцож байсан юм.

Тамирчны карьераа өндөрлөөд Жак Рогге эхлээд Бельгийн Үндэсний Олимпийн хорооны тэргүүнээр ажиллан, улмаар Европын Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байжээ. Сүүлд ОУОХ-ны тэргүүний суудлаасаа буусны дараагаар тэрээр НҮБ-ын дэргэдэх залуучууд, дүрвэгсэд, спортын асуудал хариуцсан тусгай элчээр ажиллаж байсан юм. ОУОХ-ны тэргүүн Томас Бах Жак Роггег дурсан: -Тэрээр спортод хайртай, тамирчдыг хүндэлдэг, энэхүү мөн чанараа бусдад харамгүй түгээн дэлгэрүүлдэг хүн байсан гэжээ.

ОУОХ-ны мэдэгдэлд түүний оруулсан хувь нэмэр, өөрчлөлт шинэчлэлийг өндрөөр үнэлж, чухам түүний үед Залуучуудын Олимпийн наадмыг санаачлан, спортын ертөнцийг цэвэр байлгахын тулд допингийн эсрэг идэвхтэй тэмцэж байсныг нь тэмдэглэжээ.

Жак Роггед хүндэтгэл үзүүлэн ОУОХ-ны бүх салбар байгууллагуудад Олимпийн туг далбааг 5 хоногийн туршид бөхийлгөхөөр болжээ.