Марк Цукерберг 6.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Технологи-360

Америкийн Facebook болон Instagram олон нийтийн сүлжээний үйл ажиллагаа өнгөрсөн шөнө доголдож, 6 цагийн туршид эдгээр сүлжээ вэб болон ухаалаг гар утсаар аль алинаар нь нэвтрэх боломжгүй байсан юм.

Интернэт дэх доголдлыг хянадаг Downdetector платформын мэдээлснээр Facebook болон Instagram сүлжээний доголдлын улмаас дэлхий даяар 10 сая гаруй гомдол иржээ. Тэгвэл олон нийтийн сүлжээнд үүссэн доголдлын улмаас Марк Цукерберг 6.6 тэрбум долларын алдагдал хүлээжээ.

Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг түүний компанийн сүлжээнд үүссэн доголдлын улмаас ердөө хэдхэн цагийн дотор 6.6 тэрбум долларын алдагдал хүлээж, Форбсын мэдээлж байгаагаар дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтын 6-р байранд бичигдэх болжээ.

Марк Цукербергийн нийт хөрөнгийн хэмжээ 5.4%-иар унаж, 116.1 тэрбум доллар болсон байна.

Тэгвэл Facebook компанид үүнээс өмнө 2019 онд дээрхтэй төстэй явдал тохиолдож байсан гэнэ. Тухайн үед Facebook болон бусад олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрх 14 цагийн туршид гацаж байжээ.

Даваа гарагт нийгмийн сүлжээнүүдийн үйлчилгээ Америкийн орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн доголдож, 6 цагийн дараа эргээд хэвийн болсон байна.

Facebook компани сүлжээнд доголдол үүссэний төлөө хэрэглэгчдээсээ хүлцэл эрж, цаашид ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллах болно гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэгвэл Facebook болон Instagram сүлжээ гацаж доголдсон талаарх мэдээллийн дараагаар мөн WhatsApp, Telegram, Twitter, Google болон TikTok зэргийн үйл ажиллагаанд доголдол үүссэн талаарх мэдээлэл тарсан байна.

Олон нийтийн Facebook цахим сүлжээг Марк Цукерберг 2004 оны 2-р сард байгуулж, тухайн үед 19 настай байсан оюутан залуу компаниа байгуулж, дэлхийн топ баячуудын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм.

Facebook компанийн төв штаб нь АНУ-ын Калифорни мужийн Менло-паркад байрладаг байна. Facebook компанид Messenger, WhatsApp, Instagram зэрэг олон нийтийн цахим сүлжээнүүд мөн харьяалагддаг юм.