"Намайг О.Батханд гэдэг. Би ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч. Өнөөдөр өглөө Ерөнхийлөгч намайг өрөөндөө дуудаж уулзсан. Намайг 1 сарын 20-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод, Д.Сүхбаатарын талбайд болсон иргэдийн тайван  жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэдэг мэдээлэл байгаа талаар хэлсэн.

Тийм учраас би Монгол Улсын иргэний хувьд, хариуцлагатай алба хашдаг хүний хувьд тайлбар хийхээр ирлээ. Үүнийг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд миний нэр багтжээ. Би асуулт асуумаар байна. Ямар баримт, үндэслэлээр намайг жагсаал цуглаан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа вэ? Би болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгч энэ жагсаал цуглаанд ямар ч холбогдолгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана."