АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сонгуулийн үеэр хэлж байсан үүрэг амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэллээ. Цагаан ордны тэргүүн нэн тэргүүнд цар тахлын нөхцөл байдал улс оронд нь хүнд байгаа энэ цаг үед  ДЭМБ-ын жагсаалтыг халдварын тоогоороо тэргүүлж байгаа улс орондоо COVID-19 коронавирустэй тэмцэх Үндэсний хэмжээний бодлого, стратегиа танилцуулсан байна.

Жо Байден тангараг өргөж, Цагаан ордонд ажлаа эхлүүлснээс хойш нэг хоногийн дараа буюу пүрэв гарагт улс орондоо цар тахлын эсрэг Үндэсний стратеги боловсруулснаа танилцуулж, хүн амаа халдварт өвчнөөс сэргийлэх, вакцинжуулалтад хамруулах ажлын талаарх бодлого төлөвлөгөөгөө танилцуулжээ. Байден эхний ээлжинд улс орондоо амны хаалт заавал зүүх журам баталж, цаашлаад вакцинжуулах ажлыг зохион байгуулах, хүн амаа халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн арга алхмуудынхаа талаар мэдээлсэн байна. Түүнчлэн тусгай ажлын хэсэг байгуулж, коронавирустэй тэмцэх экс ерөнхийлөгч Трампын бодлого шийдвэрийг эрс өөрчлөхөө ч мэдэгдсэн байна. Байдены мэдэгдсэнээр тэрээр Цагаан ордонд суусан эхний 100 хоногтоо багтаан 100 сая тун вакцин иргэддээ хийхээр зорилт тавьснаа ч онцолсон байна.

АНУ, цар тахлын халдварын тоогоороо ДЭМБ-ын жагсаалтын 1-рт бичигдэж, өнөөдөр энэ улсад 25 сая орчим хүн халдварлаж, 400 мянга гаруй хүн нас барсан юм. Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоосоо өмнө Арлингтоны хүндэтгэлийн цогцолборт очин, энх цагт цар тахлаар амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг үе үеийн ерөнхийлөгч нарын хамтаар хүндэтгэсэн юм.