1.5 сая тонны хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт баригдана. Нийт өртөг нь хоёр тэрбум орчим доллар болох юм. Таван жилийн үйлдвэр ашиглалтад ороход дизель түлш нэг литр нь 1372 төгрөг байх бол 95 бензин 1545 төгрөг, онгоцны түлш 1488 төгрөг байхаар тооцоолжээ.
Гэтэл үйлдвэрийн тухай хуульд түүхий эдийн нийлүүлэх асуудал хүндэрч мэдэхээр байгааг бичжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниудын жилд олборлож байгаа газрын тосны хэмжээ эрс буурсан байна. Тухайлбал Петро Чайна Дачин Тамсаг жилд олборлох хэмжээ нь 1.5 сая тонн байдаг ч цахилгааны асуудлаас үүдэн хэмжээндээ хүрэхээ больжээ. Үүнийг улстөрчид янз бүрийн өнцгөөс харж байна. Монгол нутагт газрын тос олборлож байгаа гадаад компаниудын олборлолт багасч байгаа нь хойд, урд хоёр хөршийн бодлого байж мэднэ. Дээр нь өндөр өртөгтэй улсын үйлдвэр ирээдүйд түүхийн эд олборлогч компаниудаа царай алдсан, тэдний тогтоосон үнээр ажилладаг хараат болж хувирах вий гэсэн болгоомжлол байгааг гишүүд хэллээ.
Манай улсын газар нутагт газрын тос олборлож байгаа бол нийт тосны 24 хувь нь Монгол Улсын өмч байх ёстой. Энэ тооцооллоор өнгөрсөн жил манай улс 555 мянган тонн тос олборложээ. Гэхдээ ковид-19 халдварын улмаас төлөвлөсөн олборлолтондоо хүрч чадаагүй байна. Тийм учраас Давст-31 талбайгаас эхлээд улс өөрийн гэсэн олборлолтын талбайтай байх ёстойг үйлдвэрийн удирдлагууд хэллээ.
2 тэрбум долларын өртөгтэй энэ үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхнө гэж үзэж байна. Гэвч Оюу толгойн төсөл шиг хөрөнгө оруулалт нь жил бүр нэмэгдэж улс өрөнд орсоор байх вий гэж гишүүд асуулаа. Тэгвэл үйлдвэрийн удирдлагууд ТЭЗҮ болон бусад санхүүгийн асуудалд хяналт тавихаар олон улсын хоёр ч байгууллагыг 160 гаруй сая доллараар хөлсөлсөн байна.