АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордны тэргүүний ажлаа эхлүүлснийхээ дараагаар гадны улс орнуудын хэд хэдэн тэргүүнтэй утсаар холбогджээ. Байден улсынхаа тэргүүний хувиар хамгийн түрүүнд Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопестай утсаар хэлэлцжээ.

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байдентай утсаар ярилцсан талаараа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүний мэдэгдсэнээр Цагаан ордны тэргүүнтэй утсаар ярилцах үеэрээ Байденд Цагаан ордны тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн ялдамд цагаачлал, цар тахал болоод хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцжээ. Ийнхүү мэдэгдэхдээ Мексикийн тэргүүн АНУ-ын шинэ засгийн газартай цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлж, сайн хөршийн харилцааг эрхэмлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мексикийн тэргүүн түүнчлэн Жо Байден тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон даруйдаа хоёр улсын хооронд хилийн хамгаалалтын хана барих Трампын засгийн газрын шийдвэрийг цуцалсанд талархаж байгаагаа мэдэгдсэн байна.