Ковид-19 халдварын 13 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудад эмнэлгийн ажилтан, нийтийн байрны оршин суугчид, үс засуулах үедээ халдвар авсан гэр бүлийн хүмүүс ч багтаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар 1656 тохиолдол батлагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 мянган хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илрээд байна. Шинээр батлагдсан тохиолдол Улаанбаатар хотын голомтод бүртгэгдлээ. Эдгээрийн дотор эмнэлгийн ажилтан, нийтийн байрны оршин суугчид, үсчнээр үйлчлүүлсэн гэр бүлийн гишүүд багтаж байна. Тодруулбал,

- ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч хоёр хүнээс халдвар илэрлээ.

- Мөн СБД-ийн 16-р хороо буюу Бэлхийн задгай, Дамбадаржаад байх нийтийн байранд амьдардаг 7 иргэн халдвар авчээ.
Голомтлон гарч байгаа халдвар хэд хэдэн нийтийн байр, гудамж хороололд бүртгэгдээд байгаа юм.

- Бусад нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

- Халдвар авсан иргэдийн дотор үсчнээс халдвар авсан гэр бүлийн гурван хүн багтаж байна. Тухайн иргэдийн хувьд олон нийтийн газраар зорчдоггүй. Зөвхөн үсээ засуулахаар энэ сарын 17-нд үсчин оржээ. Харин тухайн үсчнгээс 18-нд халдвар илэрсэн болохыг албаныхан мэдээллээ.

- СБД-ийн 45-р байранд халдвар бүртгэгдсэн. Тухайн байранд хөл хорио тогтоож 121 хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Мөн Дамбадаржаа болон Бэлхийн задгайд байх нийтийн байрны 592 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.

Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын 1656 тохиолдол бүртгэгдээд байна. Дотоодын халдварын тоо 1151-д хүрлээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 432 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 хүн эмчлүүлж байна. Одоогоор 1211 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Халдварын тархалт идэвхтэй хэвээр байна. Тухайлбал, өчигдөр батлагдсан нэг тохиолдлын хаанаас халдвар авсныг одоогоор тогтоогоогүй байгааг албаныхан мэдээллээ. Тиймээс иргэд олон нийтийн газраар явахдаа халдвар хамгааллын дэглэм баримтлах, харилцаж байгаа хүндээ ч шаардлага тавихыг зөвлөж байна.