Өчигдөр 12,703 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлын тав нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн хүмүүс, мөн Наркологийн төв эмнэлгээс хоёр, Улаанбаатар хотоос Ховд аймагт очсон иргэдийн дотроос хоёр, СБД-т хийсэн өргөтгөсөн шинжилгээнээс хоёр хүнд халдвар илэрсэн байна.
Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явсан 41 хүнтэй автобуснаас хоёр тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлуудын тухайд 23-нд ПСР шинжилгээ өгсөн байна. Шинжилгээ өгснийхөө дараа Улаанбаатар хотод хэд хэдэн газраар зорчиж, хүнтэй уулзсан болохыг тогтоожээ. Батлагдсан хоёр хүнтэй хамт автобусанд явсан иргэдийн дунд бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй, хавдартай зэрэг эрсдэлтэй бүлгийн хүн олон байсан. Тэд Улаанбаатар хотоос Ховд аймаг хүртэл олон цаг зорчих явцдаа хоорондоо юм ярьсан, хооллосон зэрэг ойрын хавьтал болсон гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс халдварын эрсдэл өндөр байгаа учраас зорчигчдыг аймгийн төв рүү оруулалгүйгээр тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хот руу татан авалт хийсэн хэмээн мэргэжлийн байгууллага мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,667 боллоо. Үүнээс 1,162 нь дотоодын халдвар. Зөвхөн Улаанбаатар хотод 836 тохиолдол батлагдаад байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч, одоогоор эмнэлэгт 418 хүн хэвтэн эмчлүүлж байна.Улаанбаатар хотод БЗД, БГД, СХД, ХУД, СБД-ийн зарим хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байна.