Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтыг Турк Улсаас Португали руу шилжүүлжээ

Энтертэйнмент
Английн “Манчестер Сити” болон “Челси” багуудын хооронд болох Аваргуудын Лигийн аваргын төлөөх тоглолт Туркийн Стамбул хотод биш харин Португалийн Порту хотод болно. Туркэд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор карантин, хөл хорио тогтоогоод байгаа учраас тэмцээнийг шилжүүлж, Португалид зохион байгуулахаар болжээ.
Их Британийн эрх баригчид Турк улсыг цар тахлын нөхцөл байдлаас нь шалтгаалан “улаан бүс”-д багтааж, Туркээс ирж байгаа иргэдээ хувийн зардлаар нь 10 хоногийн карантинд зайлшгүй байлгах шийдвэр гаргасан юм. УЕФА, Турк дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор аваргын төлөөх тоглолтыг зохион байгуулахад шийдвэрлэх олон асуудал урган гарсан учраас тоглолтыг Стамбулд биш өөр газар явуулахаар тогтжээ. Энэ дагуу Португалийн Порту хотыг сонгож, энэ сарын 29-нд Аваргуудын Лигийн финалын тоглолт болох юм. Португали улс нь цар тахлаас ангид “ногоон бүс”-д багтаж байгаа учраас тоглолтыг хоёр багаас тус бүр 6 мянган хөгжөөн дэмжигч, нийтдээ 12 мянган үзэгчтэйгээр явуулахаар тогтжээ.