"Бид таван хүүхдийнхээ 500 мянга, цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр л амьжиргаагаа залгуулж байгаа. Ковид гээд ажилгүй орлогогүй байгаа болохоор хувиараа юм хийе гээд хүнтэй уулзах гээд 30 минут л гэрээсээ гарсан"
Өчигдөр 19 цагийн орчимд айлын гэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ. Гал гарч эхлэхэд 12 настай ах нь дүү нараа гэрээс гаргасан байна. Хүүхдүүдийн зарим нь гуталгүй, бүр 2 настай дүү нь өвлийн хүйтэнд шалдан гэрээсээ гарчээ. Аав нь барилгын ажил хийдэг ч цар тахал гарч хорио тогтоосноор ажилгүй байгаа аж. Харин ээж нь гэртээ хүүхдүүдээ хардаг байна. Гэтэл тухайн өдөр аав, ээж нь 30 минут гараад ирэх хооронд гэр нь шатжээ.

"Бид таван хүүхдийнхээ 500 мянга, цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр л амьжиргаагаа залгуулж байгаа. Ковид гээд ажилгүй орлогогүй байгаа болохоор хувиараа юм хийе гээд хүнтэй уулзах гээд 30 минут л гэрээсээ гарсан. Харьж явахад танай гэрт гал гарч байна гэж танихгүй хүн залгасан" хэмээн иргэн Б.Ганцэцэг ярьж байна.

Гал гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтооход халуун тогооны залгуур шатсанаас үүссэн гэх дүгнэлт гарчээ. Тухайн өдөр бага дүү нь өлсөөд байна гэхээр нь бэлэн байсан гурилаараа ах нь хоол хийж өгөх гээд халуун тогтоогоо залгахад залгуур нь "буудан" гал авалзаж эхэлсэн байна. 12 настай хүү дүү нараа гэрээс гаргаж хөнжил дээр суулган тусламж дуудахаар хажуу айлынхаа хаалгыг тогшсон боловч хүн гарч ирээгүй байна. Тиймээс хажуугаар зөрөх хүнээс тусламж гуйж ээж рүүгээ залгуулжээ. Мөн тэр хүн нь онцгой байдлын албанд дуудлага өгсөн байна.

Гэр дотор байсан бүх зүйл шатсан бөгөөд ердөө авдар дотор нь боолттой байсан хүүхдүүдийнх нь бичиг баримт л үлдсэн байна. Гэсэн ч хүүхдүүд нь эсэн мэнд, эрүүл энх байгаад талархаж буйгаа ээж нь хэлж байна. Мөн тэрээр
"Халуун тогоо битгий хэрэглээрэй. Манайх энэ тогоог хамгийн чанартай нь гээд хоёр сарын өмнө л авсан. Гэтэл тийм биш. Халуун тогооны оронд плитка хэрэглээрэй л гэж хэлмээр байна"
хэмээн захиж байлаа.

ШУУД ҮЗЭХ